УДИРДАМЖ

/
2024-01-15

ХҮҮХДИЙН ШИЛДЭГ ЗУРАГТ НОМ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

УДИРДАМЖ

1. Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд хүүхдийн зурагт номд олон нийтийн анхаарлыг хандуулж улмаар энэ салбарт үнэнчээр зүтгэж буй Монгол зохиолч, зураачдын хичээл зүтгэлийг үнэлэн урамшуулах зорилгоор “Үлгэрч Үнэгхэн” хүүхдийн шилдэг зурагт ном шалгаруулах арга хэмжээг санаачлан зохион байгуулж байна. Тус арга хэмжээг хоёр жил тутамд зохион байгуулах бөгөөд энэ удаад сүүлийн гурван жилийн хугацаанд (2021-2023) Монгол хэлээр хэвлэгдэн гарсан болон хараахан хэвлэгдэж амжаагүй ч бүрэн дууссан хүүхдийн зурагт номыг хүлээн авч шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.

2. Номын зохиолч, зураач нь 2024 оны IV сарын 25-ны байдлаар 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байна. Нэг оролцогч гурав хүртэлх ном илгээх боломжтой ба нэг номыг хоёр хүртэлх төрөлд нэр дэвшүүлж болно. Ном эрхлэн гаргасан хэвлэлийн газар мөн бүтээлээ дэвшүүлэн оролцох боломжтой.

3. Хүүхдийн зурагт ном гэж зураглал нь зохиолоосоо дутуугүй үйл явдал, өгүүлэмжийг хөтлөн авч явдаг бүтээлийг хэлэх ба тухайн номын зураг, зохиол харилцан бие биеэ нөхөж байж нийлмэл нэгэн бүтээл бий болдог. Зурагт ном гэдэгт зураг, зохиол хоёрыг хослуулсан бүтээлээс гадна үггүй дан зурагт ном мөн багтана. Насны ангиллын хувьд 0-5 ба 5+ насны хүүхдэд тохиромжтой байх бөгөөд тавигдах шаардлагад номын хэмжээ, хуудасны тоо хамаарахгүй.

4. Доор дурдсан Бүртгэлийн зааврын дагуу бүрэн гүйцэд бөглөж, заасан форматын дагуу ирүүлсэн номыг шаардлага хангасанд тооцож үнэлгээний шат руу оруулна. 2021 оноос өмнө хэвлэгдсэн номыг тооцохгүй. Хэвлэгдээгүй ном төрөлд дэвшүүлж буй ном хэвлэгдэхэд бэлэн болсон буюу бүрэн гүйцэд дууссан ном байна. Дутуу байгаа ном, сторибоард, эх загвар, орчуулгын номыг тооцохгүй.

5. Шалгаруулалтыг хүүхдийн номын зохиолч, зураач, номын санч, уншигч эцэг эхийн төлөөлөл, утга зохиол судлаач, бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн зэрэг олон талын мэдлэг, туршлагатай хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн баг хийж гүйцэтгэнэ. Үнэлгээний шат эхлэхээс өмнө шүүгчдийн багийг олон нийтэд нээлттэй танилцуулна.

6. Цахимаар бүтээл хүлээн авах үйл явц болон оролцогчдын бүтээлийг ямар нэгэн байдлаар цааш задруулахгүй байх тал дээр ерөнхий зохион байгуулагч Азийн сангийн Хамтдаа уншицгаая төсөл анхааран ажиллаж, бүрэн хариуцлага хүлээнэ.

7. Шилдэг зурагт ном шалгаруулах арга хэмжээний бүртгэл цахимаар явагдана. Бүртгэлийн зааврын дагуу маягтыг бүрэн бөглөж илгээх ба нэр дэвшүүлж буй номоо цахимаар хавсаргана. Мөн номын нэг хувийг хэвлэмэл байдлаар Азийн сангийн “Хамтдаа уншицгаая” төсөлд хаяглан ирүүлнэ.

8. Төслийн баг биеэр бүртгэл хийхгүй ба сонирхсон хүн бүртэй уулзаж мэдээлэл өгөх боломжгүй тул удирдамжтай сайтар танилцаж маягтаа ирүүлнэ үү. Түүнчлэн 2024 оны I сарын 30-нд Азийн сан болон 15 минут фэйсбүүк цахим хуудсуудаар Түгээмэл асуулт, хариултыг байршуулна.

9. Хүүхдийн шилдэг зурагт ном, шилдэг зохиол, шилдэг зураглал, шилдэг шинэ зурагт ном (зохиогчийн гаргасан анхны ном байх), шилдэг хэвлэгдээгүй зурагт ном гэсэн таван төрөлтэй. Төрөл тус бүрд нэг шилдэг бүтээлийг шалгаруулна.

10. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2024 оны IV сарын 25-нд болох ба энэ үеэр төрөл тус бүрийн ялагчийг зарлана. Шагналд сертификат, мөнгөн шагнал багтана.

11. Арга хэмжээ нь бүртгэлийн хураамжгүй буюу үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

БҮРТГЭЛИЙН ЗААВАР

I. Бүртгэлийг https://forms.gle/gdSzBYJZRDGwX9KD9 маягт ашиглан хийнэ.
II. Оролцогчид номоо илгээхдээ Үзгийн нэр ашиглана. Ингэснээр төслийн баг бүртгэлийн хугацаа дууссаны дараа номуудыг зөвхөн үзгийн нэрээр нь шүүгчдийн багт танилцуулна. Шүүгчдийн баг тухайн уран бүтээлчийг бус зөвхөн бүтээлийг нь үнэлнэ.
III. Зурагт номын зураг нь дээр тодорхойлсны дагуу шаардлагад нийцсэн байх, хар цагаан эсвэл өнгөт байж болно, уламжлалт эсвэл дижитал аль ч аргаар зурсан байж болно. Харин интернэтээс татаж авсан зураг ашигласан, буддаг ном, тархи хөгжүүлэх ном, манга, комикс гэх зэрэг бусад төрлийн номыг тооцохгүй. Зөвхөн зурагт ном байна.
IV. Хавтасны зургийг оруулсан байх. Номоо нүүрээр бус дэлгэмэл нүүрээр байршуулан хадгалах.
V. Цахимаар орж нэг удаадаа нэг л ном илгээх боломжтой. Номоо бүтнээр нь PDF өргөтгөлөөр хадгалан илгээнэ. 10Mb хүртэлх хэмжээтэй, өндөр чанартай PDF формат бүхий номоо өөрийн өгсөн үзгийн нэр-номын нэр гэж хадгална. Жишээ загвар: ҮзгийнНэр-НомынНэр.pdf
VI. Систем 10Mb-ээс илүү хэмжээтэй PDF, эсвэл JPG, ZIP, RAR гэх мэт PDF-ээс өөр өргөтгөлтэй материал хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
VII. Бүртгэл хаагдах хугацаа буюу 2024 оны III сарын 1-ний өдрийн 17:00 цагаас өмнө цахимаар бүртгүүлж номоо илгээнэ. Хэвлэмэл номоо дараах хаягаар мөн хугацаанд багтаан ирүүлнэ.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чагдаржавын гудамж, Ориент Плаза, Азийн сан, Хамтдаа уншицгаая төсөл

Бидэнтэй хамтарч ажиллах уу?

Биднээс асуух зүйл эсвэл хамтран ажиллах хүсэлтээ илгээмжээр үлдээгээрэй.

Хүсэлт явуулсан танд баярлалаа! Тантай тун удахгүй холбогдох болно.
Алдаа гарлаа. Та дахин оролдож үзнэ үү.